Геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ой тохиож байна


Тэртээ 1939 оны БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд Уул уурхай, ашигт малтмал трест байгуулагдсанаар Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсан түүх эхэлдэг билээ. 80 жилийн өмнөөс улбаатай геологичдын нөр их хөдөлмөрийн үр шимээр Монгол орны нутаг дэвсгэрийг 1:200 000–ны масштабын геологийн зураглалаар 100 хувь, геологийн 1:50000 –ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлаар 40 хувь, геофизикийн 1:200 000 –ны масштабын хүндийн хүчний зураглалаар 23хувь, агаарын 1:200 000 –ны масштабын соронзон зураглалаар 60 хувь,геофизикийн 1:50 000, 1:25 000–ны масштабын агаарын цогцолбор судалгааг 32 хувьд хүргэж, Монгол орны геологийн тогтоц ба ашигт малтмалын байршлын зүй тогтолыг судлан тогтоосны үр дүнд 80 гаруй төрлийн 1900 гаруй орд, 9500 орчим илрэл, геофизик, гео химийн олон мянган эрдэсжсэн цэгүүдийг илрүүлэн, Монгол Улсын эрдэнэсийн сан хөмрөгт 2783.65 тонналт, 42,1 мянган тонн мөнгө, 60,6 сая тонн зэс, 1530 мянган тонн молибден, 1822,4 сая тн төмрийн хүдэр, 38,5 тэрбум тн нүүрс зэрэг олон ашигт малтмалын нөөцийг нэгдсэн бүртгэлд бүртгээд байна.

Үе үеийн геологичдын Багануур, Шарын гол, Эрдэнэтээс эхэлсэн их бүтээн байгуулалт одоогийн Оюутолгой, Тавантолгойгоор үргэлжилж, Монгол Улсын хөгжлийг түүчээлж байгааг онцлох нь зүйтэй. 80 жилийн түүхэн хугацаандаа геологичдын дотроос Үйлдвэрлэл эрдэм шинжилгээний олон алдартан тухайлбал Монгол Улсын хөдөлмөрийн баатар 5, Төрийн шагналтан14, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан 15, академич 4, шинжлэх ухааны доктор 16, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 5, ардын багш1, гавьяат багш 3, соёлын гавьяат зүтгэлтэн3, гавьяат тамирчин 1 боловсролын доктор 190 гаруй, тэргүүний геологичид олон зуугаараа төрөн гарчээ.

 

Мэдээллийг хуваалцах