“Ус хагалбарын төв цэг” рүү аялав


Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан хөтөлбөрийн дагуу 2019 оны 03-р сарын 23-ны өдөр дэлхийн “Ус хагалбарын төв цэг” рүү аялах аялалыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ''Монгол-Ус ТӨҮГ'', Монголын гидрогеологичдын холбоо, ШУТИС, Усны мэргэжлийн нэгдсэн холбоо, Монголын усны түншлэл зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.

“Ус хагалбарын төв цэг” рүү аялах аялалыг олон нийтийн анхаарлыг хандуулах, ач холбогдлыг мэргэжилтэн, залууст таниулах, залуу үе ахмад үеийн мэргэжилтнүүдийг танилцуулах, цаашлаад уг цэгийг судалгаанд хэрхэн ашиглах талаар таниулж, жил бүр зохион байгуулах уламжлалыг тогтоох зорилготой жил бүр зохион байгуулдаг билээ.

Ус хагалбарын төв цэг нь Монгол улс усны гурван том ус хагалбарын заагт, харьцангуй өндөрлөг, Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн хур тунадас багатай, хуурайшилт ихтэй хэсэгт оршдог. Төв Азийн усны хүйс цэг буюу Хойд мөсөн далайн ай сав, Номхон далайн ай сав, Төв Азийн гадагш урсгалгүй ай савыг огтлох цэг нь Улаанбаатар хотоос холгүй 60 гаруй км-т Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Хөндлөн хэмээх ууланд бий. Хойд өргөргийн 47039′06″, дорнод уртрагийн 107031′28″-ийн газарзүйн солбилцолд Хөндлөн уулын орой дээр далайн түвшнээс дээш 1854 метрт гурван талт баганан тэмдэглэгээ байх бөгөөд тэдгээрийн талууд нь Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй ай савуудыг төлөөлүүлэн хийсэн байдаг.

Дэлхийн цэвэр усны гурван ай савын огтлолцлын цэг болох Хэнтийн нурууны салбар Цогтчандмань уулын баруун салбар болох Хөндлөн уулыг БНМАУ-н Усны аж ахуйн яамны харъяа Усны хайгуул төсөл, эрдэм шинжилгээний институт (хуучин нэрээр), БНУУ-ын Усны институттай хамтарсан судалгааны үр дүнд 1971-1975 онд тус ус хагалбарын цэгийг тодорхойлсон байна.

Монгол орны ашиглах боломжтой усны нөөцөөс 17.7 тэрбум шоо метр буюу 51.5 хувь нь Хойд мөсөн далайн ай савд, дөрвөн тэрбум шоо метр буюу 11.8 хувь нь Номхон далайн ай савд, 12.6 тэрбум буюу 36.7 хувь нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савд ноогддог. Монгол улсын усны нөөц нь нутаг дэвсгэрийн хувьд жигд бус тархалттай, зарим бүсийн усны чанар эрүүл ахуйн шаардлага хангадаггүйгээс гадна гол мөрний ус нь ихэнхдээ тус улсын хилээс гадагшаа урсдагаас шалтгаалан усны нөөцөөр бага, хязгаарлагдмал орны тоонд ордог.

Мэдээллийг хуваалцах