Монгол-Ус ТӨҮГ танилцуулга


“Монгол-Ус” ТӨҮГ нь Монгол улсын Байгаль орчны тухай багц хуулиуд тэдгээрээс голчлон Усны тухай хуульд нийцүүлэн “Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх усны нөөцийн менежмент хийх төрийн эзэмшлийн болон төсвийн хөрөнгөөр баригдсан усны барилга байгууламж түүний дотор толгойн барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.

Эрхэм зорилго: 

Стратегийн үнэт баялаг бөгөөд хүн ам, хот суурины хөгжил, улс орны нийгэм эдийн засгийн бүх салбарын үндсэн хэрэглэгдэхүүн болох усны нөөцийг хамгаалах, чанарыг сайжруулах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэж, үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, улмаар үндэсний аюулгүй байдал, улс орны нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, иргэдийн тав тухтай амьрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн усны нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхэд оршино. 

Алсын хараа: 

Усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх, усны хайгуул судалгаа, нөөцийн хуваарилалт, зохицуулалт хийх, үндэсний болон олон улсын хэмжээнд итгэл хүлээсэн, мэргэшсэн баг хамт олонтой, чадавхтай мэргэжлийн байгууллага болон хөгжихөд оршино. 

Үнэт зүйлс: 

  1. Стратегийн үнэт баялаг болох усыг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэгдсэн манай үндсэн үйл ажиллагаа нь бидний бахархах үнэт зүйл юм.
  2. Мэргэшсэн, чадварлаг хүний нөөц, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг ажиллагсад болон байгууллагын хөгжлийг олж тодорхойлогч, бусдыг үлгэрлэн дагуулж бодит үр дүнд хүрэх чадварыг бид үнэт зүйл гэж үзнэ.
  3. Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, шинэ санал, санаачилга бол манай үнэт зүйл болно.
  4. Хууль тогтоомжийг дээдлэн, эрхэлсэн ажилдаа үнэнч шударга өөриймсөг хандан сэтгэл гарган ажилладаг хандлагыг бид үнэт зүйл гэж үзнэ.
  5. Хамт олны харилцан итгэлцэл, хүндлэл, нэгдмэл байдлыг бид үнэт зүйл гэж үзнэ.
  6. Байгууллага, аж ахуйн нэгжийн түншлэл, хамтын ажиллагаа, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг бид үнэт зүйлс гэж үзнэ.

Үйл ажиллагааны чиглэл

Монгол Улсын Байгаль орчны тухай багц хууль, “Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Усны тухай хуулиар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгогдсон зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр “Монгол-Ус” ТӨҮГ-аар гүйцэтгүүлэхээр Засгийн газрын 2013 оны 390 дүгээр тогтоолоор шийдвэрлэсний дагуу 2014 оноос эхлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай “Чиг үүргийг гүйцэтгүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байна.

Үйлдвэрийн газар нь стратегийн үнэт баялаг бөгөөд хүн ам, хот суурины хөгжил, улс орны нийгэм, эдийн засгийн бүх салбарын үндсэн хэрэглэгдэхүүн болох усны нөөцийг xамгаалах, чанарыг сайжруулах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг гүйцэтгэж төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хүргэж байна. Үүнд:

  • Усны нөөцийг зөв зохистой ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх
  • Газрын доорх усны нөөцийг тогтоох, эрэл хайгуул судалгаа хийх
  • Усны чанар стандартад нийцсэн усны шинжилгээ хийх
  • Хүн амын унд ахуй, үйлдвэрийн усан хангамжийн эх үүсвэрийг тогтоох
  • Хяналт мониторингийн иж бүрэн тогтолцоог нэвтрүүлэх
  • Улсын төсвийн хөрөнгөөр ирүүлсэн газрын доорх усны ордуудыг ашиглуулах

Ажлын тойм мэдээлэл

  • Ус ашиглуулах дүгнэлт
    • Томоохон ус ашиглагч “Оюу толгой” ХХК, “Таван толгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголын алт (МАК)” ХХК, “Энержи ресурс” ХХК, хоногт 100 шоо метрээс их ус ашиглагч 170 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад жил бүр ус ашиглуулах дүгнэлт гаргаж байна.
  • Усны ашиглах боломжит нөөцийн дүгнэлт
    • Ажил, үйлчилгээ явуулах, барилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөхөд усны нөөц ашиглах төсөлд усны ашиглах боломжит нөөцийн дүгнэлтийг гаргаж жилд дунджаар 130 гаруй аж ахуйн нэгжид хүргүүлж байна.
  • Улсын төсвийн хөрөнгөөр судалж тогтоосон газрын доорх усны нөөцийн эрэл, хайгуул, судалгааны зардлыг ус ашиглагчаар эргүүлэн төлүүлэх
    • Энэ ажлын хүрээнд 2014 оноос хойш 16 аж ахуйн нэгжтэй хайгуул, судалгааны ажлын зардлыг улсын төсөвт эргүүлэн төлүүлэх гэрээ байгуулж, 1.64 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.
  • Судалгаа, шинжилгээ
    • Магадлан итгэмжлэгдсэн усны хяналтын төв лаборатори нь орчин үеийн техник ашиглан стандартын дагуу усны хими, бактериологи, хүнд металлын шинжилгээг жилд дунджаар 600 гаруй сорьцонд хийж орлогын төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж байна.

Үйл ажиллагаандаа дагаж мөрдөж буй хуулиуд болон бодлогын баримт бичгүүд: 

  • Усны тухай хууль
  • Байгаль орчныг хамгаалах тухай хууль
  • Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль
  • Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хууль
  • Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль
  • Ус үндэсний хөтөлбөр
  • Улсын болон сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө
  • Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал
  • Монгол Улсын тогтвортой байдлын үзэл баримтлал -2030
  • Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр
  • Үндэсний аудитын газраас “Монгол орны усны нөөцийн хамгаалалт ашиглалтын байдал”-д хийсэн аудитын тайлан, 2011

 

 

Мэдээллийг хуваалцах